• Хашир уяачийн хишигт хүлгүүд
  • 发布时间:2019-07-19     单位:乌拉中旗宣传部

     Хашир уяачийн хишигт хүлгүүд

            —  Олон жил түрүүлсэн морь өөрийгөө уядаг гэдэг. Хүлэг хурдтай сайхан зусаж байна уу?

           —  Сайхан зусаж байна. Энэ хоёр жил наадамд морио тоотой тавьж байна. Хааяа  уралдуулаад л гэж Ачит гуай зэлэн дээр уяатай хурдан хүлгүүдээ гярхай нүдээрээ харж амжив.


       Бид ингэж айраг уучихсан яриа дэлгэж сууна.

            — Энэ танай нэрсэн айраг уу?

            — Биш ээ, хойд айлынх. Гучаад адуутай ч бид нэг их айраг хийдэггүй, тийм цаг ч байдаггүй юм аа.  Сүүлийн жилд айраг засал гээд үнэд орчихсон байх юм. Одоо чинь хот хөдөөгүй айраг ууж эдэлдэг болжээ. Малынхаа ашиг шимийг сайн хүртэж байгаа юм биз. Адуу гэж, хишигтэй хийморьтой амьтан шүү.

            Ачит, Өвөр Монголын уяачдын нийгэмлэгийн гишүүн, аймаг орондоо алдартай уяач. Сойлго уяа нь тэнцсэн сор болсон адууд нь их бага найр наадамд зуу гаруй удаа түрүүлээд амжилттай байна.

            Болор хөлст эзнээ эрдэг, манлай уяач хүлгээ таньдаг. Монгол нутгийн морь уяач хоёр хувь барилдалгатай. Ачит гуай хэдий удам дагасан уяач биш ч, унаган адуутай айл биш ч гэсэн авсан унага болгон нь хурдан хүлэг болж, уясан хүлэг бүр нь айрагдаж явав.

            — Аав маань нийтийн адууг хариулж байсных ч уу, би ч моринд аргагүй хайртай. Хайртай сонирхолтой болохоор чинь түүнийг үзнэ, шинжинэ, судална, тэгээд уяна, сойно, наадна. Эцэстээ ур дэмийг нь олно, туршлага хурааж, хашир сууна. Залуудаа Авга, Сөнид Үзэмчин...гээд л гэрийн бараа харалгүй наадаад явчихдаг байсан гэж Ачит гуай дурсамж сөхнө.

            Уяач гэдэг нэг ёсондоо амьтан судлаач, байгаль танигч, агаар шинжээч, шим тэжээлч, тамир дасгалжуулагч...гээд олон эрдмийн хураангуй нэгтгэл юм. Энэ бүх эрдмээ дэлгэрүүлэх тусам уясан хүлэг нь хурдалж, олны уухайг хүлээдэг. Ачит гуай яг үүний ил тодотгол: Уясан морь болгон нь айрагдаж байсан, ах дүү нартаа танилцуулж өгсөн морь нь ч гэсэн бүгд айрагдаж байсан. Айрагдсан адуу нь хүртэл цол дуудуулдаг байсан. Тэрээр хорь гаруй адууг уяж хурдлуулахдаа бүдүүн хар морь нь 23, тогоруу халтар нь 22, өндөр хар нь 21, алаг морь нь 18, цуван хар морь, нарийн хар морь нь тус бүр 11, таван цагаан нь 6, хүрэн морь нь 4, өндөр хуа нь 2, шангийн хар нь 2, шангийн хээр нь 1 удаа... тус тус түрүүлж явсан удаатай.

            2004 онд. Баруун үзэмчин нутагтай хэдэн найз нь Ачтаар хурдан хүлэг үзүүлэхээр арваад адуутай нэгэн айлд хүрэв. Ачит биеэр багахан шиг хар шүдлэн үрээг шинжиж шинжиж танилцуулсанд найз нар нь тоож харсангүй гэнэ. Тоогоогүй болохоор нь өөрөө худалдаад авчихъя гээд 2600 юань өгөөд авчирч уяа сойлгыг нь тэнцүүлж эхэлжээ. Дараа жил нь Баруун үзэмчин хошууны Баянгол сумын Баянцагаан овооны наадамд хязаалан үрээний уралдаанд өнөө жаахан хараа анх тавьсан чинь түрүүлчихэж гэнэ. Удалгүй,  Баруун үзэмчин хошууны Амгалант наадмын хязаалан үрээний уралдаанд бас түрүүлчихжээ. Жил бүр зохион байгуулдаг энэхүү наадамд тэрээр найман жил дараалан түрүүлсэн гайхамшгийг бичиглэж, “Ачит морь сайн таньдаг” гэсэн бахархал хүндэтгэлийг хүлээсэн байна.

            Нэр алдар нь мандаад ямар хэмжээнд хүрэв гэвэл "Ачит ирээд морь шинжиж байна, таалагдсан морь нь таарвал үнийг нь өсгөж хэл" гэж Баяншилийн наймаачид нэг нэгэндээ захидаг болжээ. Аргагүй, түүний тоосон морь болгон нь хурдлах хэмжээний хүлгүүд хойно.

            — Одоо уяачид олон болжээ, дуугуй л нэг залуучууд чинь морь аваад л наадна. Мөнгөтэй нэг нь 100, 200 мянган юаниар гадаадын цэвэр цусны морь аваад уралдуулахаар чинь манай морьд хавьтахгүй. Хэнийх нь морь түрүүлчихнэ гэж баталгаатай хэлж чадахгүй цаг болжээ. Сүүлд нь би боддог болсон, монгол морио л уяна гэж Ачит гуай хэлээд бидэнд уяатай морьдоо үзүүлэхээр гарлаа.

            — Таныг гярхай уяач гэдэг. Хурдан морийг ер нь яаж шинждэг вэ. Өөрт чинь нэг юм байна даа, түүнийгээ нууцалж биш, хуучилж хэлэхгүй юу?

            — Ахмадын дэргэд бол бид чинь морь таньдагтаа орохгүй. Гэхдээ сайн морь гэдэг цаанаасаа идрүүн бадрангуй төрхтэй. Гадна хэлбэр, бие бялдар, дотоод бүтэц, нууц шинж тэмдэг, үйл хөдлөл зэрэг талаас адууны эрүүл төлөв, орчин тойронд зохицох чадвар, даац тэсвэр, зан араншин ба хурдыг ойлгодог гэж Ачит гуай хайртай хүлгүүдээ илчихсэн, бахархан байж ам хална. 


       Түүний яринаас хүлэг хүлэг адилгүй шалтгаан зарим морины гадаад шинж нь тийм товойм биш байдаг. Ихэнх байдалдаа уяач хүний эрдэм л мэдсэн хэрэг. Наад зах нь тэр адууны ус уух янз, янцгаах дуу, шээх болон унтах байдал, унагалах байдал нь хүртэл нарийн тооцоо, нямбай шинжлээтэй. Хамгийн гол нь морь уяж хурдлуулахад амьсгааг нь уужруулж, задлах хэрэгтэй гэдгийг мэдлээ.

            —  Та морь уях эрдмийнхээ хамгийн голыг нь хэлээд өгчихлөө, баярлалаа.

            —  Эдгээр нь уяачдын мэддэг л зүйл байх. Нэг гашуун юм бий, ярьчих уу?

            — Тэгэл дээ, сонсъё.

            —  Тэр нь юу вэ гэхээр амьтанд хайр хүрэх. Гэнэн шүү. Хайртай морь чинь нэг гэмтэж шархдвал зүрхэнд шар ус тунах юм. Одоо бол сорьж байхдаа ч эндэж бэртэх вий гэж айдаг болсон. Тэр жил уралдааны газрыг нь өмнө нь үзээгүйгээс болж түрүүлэх моринд маань хөндий нүх таарч хоосон гишгээд  хөлөө хугалчихсан. Тэгээд азарга тавьчихсан даа... тухайн үеийн аймшигт байдлыг нүдээрээ үзэх хэцүү, үнэхээр хэцүү гээд тэр мориныхоо зургийг бидэнд үзүүлэв.

            Уралдааны газрыг нь сайн шинжиж, нэг удаа явж үзсэн байх шаардлагатайг бид  Ачит гуайн жишээнээс мэдлээ. Хэдий захилаа ч ой тогтоолт тааруу хүүхэд бол уралдааны талбайд яарч сандрах зүйл гарч ирээд байдаг гэнэ. Унаач, морь хоёр нэгдэж байж амжилтад хүрнэ. Морины хүүхдэд өөрийн үр мэт хайртай байх, сайн хянуур додомдох, туршлагаа юүлэх, морь унах мэргэжлийг нь дээшлүүлэх, аль үед нь жолоо сунгаж, аль цагт нь морины аяар явуулах, гарааны газраас яаж сугарах, барианы газар хэрхэн сумдах, өрсөлдөх морио яаж тамир тэнхээг нь гүйцээх, хэрхэн хорьж хаших... гэхчлэн олон талын анхаарал бэлтгэл их байдаг гэх.

            — Өглөө сэрүүн байснаа одоо халуун болох шинжтэй дээ?

            — Харин тийм. Цаг уурын байдлыг оновчтой урьдчилан төлөвлөж, уяж байгаа мориныхоо байгальлаг чанарт тохируулан ажиглалт хийж, юу дутагдаж байвал тэрийг нь нөхөх жамаар, нар дутагдаж байвал үдийн хойнох халуун наранд цаг хэртэй уяж, хур дутагдаж байвал оройхон сэрүү орохын үеэр морины хондлой дээгүүр ус сүршдэг. Би өдий жил морь маллахдаа өвлийн цагт бордоо идүүлэх их муу гэдгийг мэдсэн. Тэр чинь халуун сууна, амьсгаа нь ихдэнэ, хөдөлгөөн дутагддаг юм билээ. Тэгээд морио идэшлүүлэхэд цагаар биш минутаар хэмжээлж, ямар төрлийн өвс идүүлэх, хэдэн цагт услах, хэдий их уулгах, шөнө оройдоо ч адуугаа манаж, үүр эртийн чийгээс сэргийлэх гэхчилэн олон зүйл байна аа гээд Ачит адуугаа хураахаар явлаа.

            Худгийн дэргэд Ачтын гэргий Сарантунгалаг гуайтай ярьж хэсэг суулаа.

            — Танайхан бүгд адуунд хайртай юм аа?

            — Нөхөр маань моринд хорхойтой, би дургүй гээд домбойгоод суух юм бол зүг гарна уу даа. Аав нь адуу адуу гээд хойноос нь орчихоор хоёр хүүхэд маань  ч хийтэй болчихдог юм байна. Нэг нэгнээ сэтгэл итгэлээр дэмжиж байхад л айл гэр өөдөлж бадардаг. Тэр байтугай Баруун үзэмчний сайн уяачийн нэг болох  Баатар гэж манай худ болдог юм, хүргэн бас уяач (инээв) шүү. Бодвол хувь тавилан. Юутай ч тэнгэрлэг амьтны хишиг хийморь айл гэрийг маань өөд нь татаж яваа даа гээд онгоцондоо ус дүүргэнэ. Эдний оршин суусан  Шилийн хотын Цог- Уул сумын Булаг баг нь хэдий бэлчээр багатай ч омголон адууд давхихаар уужим тэнүүн санагдана.

            Хянгуугийн дуунаар хэлд орж, ган дөрөөнд хөлд орсон, гярхай нүдээрээ хүлэг шинжиж, хашир уяачийн галд багтсан Ачит гуай сүрэг адуугаа эргүүлж наашилна. Уяач хүлэг хоёр онцын гэрэлтэй харагдана. Магнайдаа тоосгүй ажнайгаараа магнаг нутгаа үргэлж баясгах болтугай.